Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат дараалан өрнөх үйл явцыг эсийн мөчлөг /цикл/ гэнэ. Энэ мөчлөг интерфаз, митоз /М/гэсэн хоёр ерөнхий шатлалтай явагддаг. Үүнээс интерфаз гэдэг нь бөөм хуваагдалд ороогүй байгаа үе бөгөөд дотроо G1,S,G2 гэсэн 3-н шатлалтай. Тэгвэл эсийн нэг мөчлөг нь G1,S,G2,M гэсэн дөрвөн үе шатаас бүрддэг болох нь харагдаж байна.
ИНТЕРФАЗЫН ҮЕИЙН ҮЕ ШАТУУД
Энэ интерфазын үед ихэнх эрхтэнцэрүүд нийлэгжиж эс өсөж томроно. Хромосом болгон хоёр хроматид хэлбэрт шилжиж центромерээрээ залгаатай оршино.
G1 (gap- завсар гэсэн англи үг) Митозын үед эрчим нь буурсан бионийлэгжил эрчимжиж митохондр, пластид ургамалд эндоплазмын тор, Гольджийн аппарат, лизосом, хөндий ,цэврүүнүүд үүснэ. рРНХ, мРНХ, зРНХ бөөмөнцрөөс үүсч, рибосомууд бий болно. Мөн бүтцийн ба үйл ажиллагааны уургууд нийлэгжинэ.
Ферментүүдийн хяналтаар бодисын солилцоо эрчимтэй явагана. Эс өснө. Мөн мөчлөгийн дараачийн үеийг дарангуйлах буюу өдөөх үйлчилгээтэй бодисууд үүснэ. Энэ үед ДНХ-ээс бусад ихэнх биомолекулууд үүсч нийлэгждэг байна.
S-(Synthesis-нийлэгжил гэсэн үгийн товчлол) ДНХ-ийн нийлэгжилийн үе юм. Бөөмийн доторх ДНХ-ийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх хүртэл ДНХ-ийн нийлэгжил үргэлжилдэг. ДНХ-ийн нийлэгжил явагдаж дуусахад хромосом болгон хоёр хос хроматидаас тогтох болно. Өөрөөр хэлбэл хромосом бүр өөрийнхөө хуулбарыг үүсгэхэд бэлэн болно.
G2-S үеийн дараагаас эхлэж эсийн хуваагдал /М үе/ эхлэх хүртэл үргэлжилдэг. Бионийлэгжил эрчимтэй явагдаж митохондр, хлоропластууд /ургамалд/ хуваагдана. Эсийн энергийн нөөц нэмэгддэнэ. Центриольтой эсийн центриоль хувилагдаж, хуваагдлын ээрүүлэн утаслагууд үүсэж эхлэнэ. Энэ мэтчилэн эс митоз хуваагдалд бэлтгэгдэнэ.
МИТОЗ ҮЕИЙН ҮЕ ШАТУУД
М-(mitosis гэсэн үгийн товчлол) эс митоз хуваагдалд орж профаз, метафаз, анафаз, телофаз гэсэн дөрвөн үе шатыг дамжин эцэст нь цитокинез болсноор энэ үе дуусдаг.
ПРОФАЗ-Эсийн хуваагдалын хамгийн урт үе юм. Хромосомууд эрчилэн мушгирч нягтрана. Төгсгөл хэсэгт бөөмийн мембран задарч хуваагдлын ээрүүлийн утаслагууд бий болно.
МЕТАФАЗ-Хос митозын хроматидууд мейозын хромосомууд центромерээрээ эрүүлийн утаслагуудад бэхлэгдэн эсийн бүслүүр шугаманд жигдрэн жагсаж ирнэ.
АНАФАЗ-Митозын хромосомууд мейозын хроматидууд салж центромертээ чирэгдэн эсийн хоёр туйл руу хөдөлж эхэлнэ.
ТЕЛОФАЗ-Эсийн хоёр туйл дээр бөөмийн мембран үүсч хромосомын эрчлэлт буурч интерфазын байдал руу шилжинэ.
Эсийн мөчлөгийн үргэлжлэх хугацаа эсийнхээ хэлбэрээс хамаарахаас гадна гэрэл дулаан, хүчилтөрөгчийн хангамж зэрэг гадаад орчны хүчин нөлөөнөөс болж нилээд хэлбэлзэлтэй байдаг. Бактериуд 20 минут тутамд хуваагдаж байхад гэдэсний ханын хучуур эс 8-10 цаг тутамд хуваагдаж байх жишээтэй. Гэтэл мэдрэлийн эс ерөөсөө хуваагддаггүй. Ер нь дээд хөгжилтэй эукариот биесийн эрчимтэй хуваагддаг эсүүд дунджаар 16-24 цагийн мөчлөгтэй байна. Үүний дотор митоз хуваагдал бүхэн ердөө 1-2 цаг үргэлжлах ба үлдэх ихэнх хугацаанд интерфаз эзлэнэ.
Эсийн мөчлөг удаан түргэн байх нь үндсэндээ G1 үеийн үргэлжлэх хугацаатай холбоотой. Зарим эсийн G1 үе үргэлжлэх хугацаа олон өдөр, сар, жил сунжирдаг. Гэтэл S–үеийн эхлэлээс митоз хуваагдал явагдаж дуусах хүртэлх хугацаа маш тогтмол байдаг бөгөөд эс нь удаан түргэн хуваагддаг эсэхээс хамаардаггүй.
Туршилт судалгаанаас үзэхэд G1-ийн төгсгөл хавьд тодорхой хоромхон хугацаа байдаг бөгөөд тэр үеийг нэгэнт өнгөрсөн бол G1 үе эргэж буцаж чадахаа больж байна. Энэ зурвас үеийг рестрикцийн буюу R-цэг гэдэг. Эс нэгэнт R-цэг өнгөрсөн бол түүний мөчлөг юунаас ч хамаарахгүйгээр ердийн хурдтайгаар явагдаж заавал дуусна.
Сүүн тэжээлт амьтны эс R-цэг өнгөрч гарах эсэх нь чухам юунаас хамаардаг нь одоогоор тодорхойгүй байна. Зарим нэг таамаглалаар бол эс R-цэг өнгөрч, ДНХ нийлэгжин хуваагдан бэлтгэгдэхийн тул түүнд өвөрмөц уураг хуримтлагдаж тодорхой хэмжээнд хүрсэн байх ёстой гэж үздэг. Энэ бодисыг U-уураг (unstable-тогтворгүй гэсэн гаралтай) гэж нэрлэжээ.
No comments:
Post a Comment